| |
БИДНИЙ ТУХАЙ
Бидний тухай
Жи Ти Эс Адвокатс ХХК нь Монгол Улсын хуулийн тэргүүлэх фирмүүдийн нэг юм. Тус компани нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, олон улсын санхүү, худалдаа, барилга, гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани нэгтгэх болон худалдан авах, маргаан шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, татварын төлөвлөлт гэх мэт арав гаруй салбарт хууль зүйн болон бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Хойд Америк, Австрали, Европ, Ази тивийн үндэстэн дамнасан пүүс, компаниуд, түүнчлэн Монголын компани, аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн байгууллагуудыг төлөөлөн ажилладаг.
Тус компанид АНУ болон Европт суралцаж төгссөн, өөр өөр соёл бүхий үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, ойлгох өндөр ур чадвартай мэргэжлийн хуульчид ажилладаг. Бид олон улсын хэтийн төлөв байдлыг урьдчилан таамаглах чадвар, Монголын эрх зүйн системийн талаарх мэдлэг болон Ази тивийн эрчимтэй хөгжиж буй зах зээлийн нэг болох Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах арга барилын талаарх мэдлэг, туршлага зэргээрээ өөрсдөөрөө үргэлж бахархдаг. Манай компани нь англи, монгол хэл дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай зарим хуульчид Орос, Герман, Хятад хэлээр чөлөөтэй ярьдаг.
Монгол Улсын ашигт малтмалын шавхагдашгүй нөөц баялаг нь дэлхийн өнцөг булан бүрт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг зүй ёсоор татсаар ирсэн билээ. Жи Ти Эс Адвокатс ХХК нь тэдгээр хөрөнгө оруулагчдад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хэрхэн авах, ямар тохиолдолд уг тусгай зөвшөөрөл цуцлагддаг, нөхөн сэргээлт хэрхэн хийх талаарх Монголын холбогдох хууль тогтоомжийг бүхий л талаас нь тайлбарлан, зөвлөгөө өгдөг. Монгол Улсын Их Хурлаас ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, зөвшөөрөл олгох дүрэм, журмыг дахин хянан үзэж, нэмэлт өөрчлөлт оруулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа явдалд манай үйлчлүүлэгчид ихээхэн ач холбогдол өгч байна. Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох буюу шинэчлэгдсэн тохиолдолд гадаад, дотоодын компаниуд уг өөрчлөлтийн талаар цаг алдалгүй мэдэж, цаг үеийн мэдээ, мэдээллээс хоцрохгүй, хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай байдаг.
Жи Ти Эс Адвокатс ХХК нь EBRD, IFC, ING, UBS зэрэг байгууллагуудыг төлөөлөн олон улсын санхүүгийн хэлцлүүдэд хуулийн зөвлөхөөр оролцон ажилладгаараа олонд танигдсан юм. Бид дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас үл хамаарч өнгөрсөн жил Монголын компаниудын авсан зээлийн томоохон гэрээнүүдэд зөвлөгөө өгч, ажилласан. Түүнчлэн бид тус улсад анх удаа хийгдэж буй төгрөгөөр илэрхийлэгдсэн олон улсын валютын арилжааны хэлцэлд зөвлөхөөр ажиллах саналыг саяхан хүлээж аваад байна.
Жи Ти Эс Адвокатс ХХК нь Лондон хотод төвтэй олон улсын Ловеллс хуулийн фирмтэй 2007 оны 5-р сараас эхлэн хамтран ажиллаж байна. Ловеллсийн Бээжин дэх салбарын хувь нийлүүлэгч Майкл Олдрич нь манай компанид зөвлөх хуульчаар ажиллаж, олон улсын хуулийн фирмийн менежментийг хэрхэн зөв хийх, үйлчлүүлэгчдэдээ эрх зүйн баримт бичиг хэрхэн зөв бэлтгэж, боловсруулж өгөх талаар бидэнд зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлж байна. Ноён Олдричтой хамтран ажилласнаар Жи Ти Эс Адвокатс ХХК нь Ловеллс компанийн үйлчлүүлэгчдэдээ үзүүлж буй бүрэн цогц үйлчилгээний арван баялаг туршлагаас суралцах боломжтой болж байгаа юм.
|
|